Шүлэг

Тэнгэр надад

Даашинзаа өмсгөөд

Газарт амьдардаг хүмүүст

Үзүүл хэмээн тушаадаг

Хэт их санааширахдаа

Түүнийгээ тайчиж санаа амардаг

Даашинзыг минь хүмүүс

Шүлэг хэмээн нэр өгөөд 

Уншихаар яардаг

Тэр үед би Дахиад л

Тэнгэрийн даашинзаар гоёдог

Бүсгүй хүн шүлэгч гэгдэх нь

Зэм  бус завшаан

Тэнгэрт тоогдох 

Эгэл бус хувь тавилан     

Шүлэг

 Тэнгисийн эрэг налуу дээр

Шүлэг

Хуруугаараа бичиж суутал

Гүн хөх давалгаа

Гүйж ирээд үмхчихлээ

Лусын охинд үгээ хэлэх гээд

Цаг хугацааг хүлээж байсан аж

 Сарны явдалУсан дээгүүр 

Түрэлхэн дайрч

Одод олноороо үйж

Тэнгист лусын хосууд 

Аз жаргалтайгаар инээлдэн

Загас 

Гуниг,уйг  нь залгиж байна

Хязгаар нь үл үзэгдэх

Тэнгис далайн амьдралд

Өдөр шөнийн ялгаа юусан билээ 

Шүлэг

Сар нар хоёрын  

Цоолсон

Тэнгисийн нурууг

Манан хучиж

Хөлөө амраах

Агшинд 

Би төрсөн

Бурхан чөтгөр хоёр

Сар нарыг дагаж яваад

Эзгүй ахуйд

Салхины эзэн

Хөтлөж явснаа үлдээгээд

Буцаад олохоо байсан

Тэгээд...Би..Хүн болсон    

Нарны тэнгис

.Нарны тэнгис

Тэнгис тэнгэр хоёрт наран зэрэг жаргадаг 

Нар тэнгисийн мандал дээр 

Хэвтэж өнжихгүй бол

Өөрөө өөртөө шатаж үхэх гээд 

Тэнгэртээ л хэлсэн шаралхал ...

Өнжин нойрмоглосон дүрээ  дагуулж

Тэнгэрт очдог уу Аль эсвэл 

Тэнгист хонодог уу
2011.07.24 Тэнгисийн эрэг газарт

Тэнгэр далай байснаа

Тэнгэр далай байснаа

Далайн мандал дээр 

Сар явган сууж 

Дэгжин хээнцэр одны  тухай 

Хууч дэлгэхэд 

Тэнгэр тонгойж харна 

Тэртээ он жилүүдэд 

Тэнгэр  ч 

Далай байснаа ярина

Хурмастын хөвүүд итгэх үест 

Хув шаргал наран 

Худлаа гэж хашгирна 

Оддын шанх ягаарна 

Орой уулзах болзоо тавина

2011.07.24







Сарны ээж

.Сарны ээж

Ягаахан зүсмийн сар 

Цав цагаахан болтлоо 

Нуур нуурын мөснөө 

Одны  өнгөөр тэшүүр гулгасан 

Сарны ээж уурласан  

Нар улаахан галбиртай мандана лээ 

Саамшиж чинэсэн үүл 

Хэсэгхэн бороо хаялж 

Хурмастын догшин авир зөөгшсөн ........

Өнөө үдшийн сар 

Ягаахан шанхтай мандах байх шүү

Өрхийг чинь хагас татаад 

Унийг чинь дагаж хэвтээд 

Унтах байх шүү
2012.06.06


Надаас нисэхдээ

Надаас нисэхдээ
Сар үүлэн даашинзаа тайчаад

Толгодын сүүдэр хамж нуур луу гүйсэн 

Үдэш...

Сар шувуудын дундаас өөрийгөө олж 

Салхинд хэл өгүүлж гэртээ харьсан 

Шөнө...Ногооны чийг сэрүүн хоносон 

Намар л явсан шувууд зүүн зүгээс ирсэн 

Надаас нисэхдээ ч 

Тэр зүгт дэргэдэг 

Дурлалын минь сүүдрийг нууж 

Дэлхийг тойрч өвөлжчихөөд 

Явсан зүгээсээ дуулж ирсэнд л 

Яг одоо 

Ахин дурламаар 
2011 он 05.05

Шүлэг


Усны нөгөө эрэгт нар амарсныг

Уулын толгой саранд хэлүүлнэ

Нарыг олох эрэлд гарч

Одод үүр цайтал ус нэгжинэ

Усны нөгөө эрэгт сарыг эвшээхэд

Уран давалгаа нарыг гаргаж

Тэнгэрт захиж явуулна

Энэ хоёрыг хэзээ ч уулзуулдаггүй нь

Тэнгэрийн хааны хууль уу

Газрын гүнжийн хар уу...

Шүлэг

Хайр миний хамгийн  дуртай асуулт

Хайрт минь чи түүний хамгийн сайн хариулт

Сарны туулай тэнгэртээ хичнээн үнэнч амьдардагийг

Салгуу алсаас хараад атаархаж үхмээр болох юм

Хөлөөн зөөллөж зуссан цэцэгсээ... шувууд

Хамж авч яваад хавар авчирдагийг бодохоор гуниглах юм

Хаврын бороонд хөл минь дааравч сэтгэл дулаахан

Хачин гэгээн өдөр хоногуудыг бодлынхоо өндгөөр имрэнэ

Хаашаа юм бэ урсаж өнгөрөх он жилүүдийн алган дээр

Хайртай гэж том үсгээр бичээд далайн ус руу шидмээр

Хайр миний хамгийн  дуртай асуулт

Хайрт минь чи түүний хамгийн сайн хариулт2012 он.01.19    

Сүүдрээ мартсан нар


 Сүүдрээ мартсан нар

Уулсын оройг түшиж хажуулаад босохдоо

Нар сүүдрээ мартаад

Мартагдсан сүүдэр нь тал уул толгодыг

Малгай тавьж нойртой хонуулсан

Малгайн дотор нь сарны эврээс одод хөтлөөд

Манхан хөх тэнгэрийн дээгүүр явж өнгөрөнө лээ

Маани уншуулж тэнд очсон хүмүүс хөөрхий

Манай ертөнц гэж хачин ихээр маргаж байна лээ    

Шүлэг

 

Ягаахан зүсмийн сар

Цав цагаахан болтлоо

Гол голын мөснөө 

Оддын өнгөөр тэшүүр гулгасан

Сарны ижий  уурласан уу

Нар улаахан галбиртай мандана лээ...

 Саамшиж зөөллөсөн үүлс

Хэсэгхээн бороо хаялж

Хурмастын авир зөөгшсөн

Өнөө үдшийн сар

Ягаахан шанхтай мандах байх шүү

 

Шүлэг

 

Сар үүлэн даашинзаа тайчаад

Толгодын сүүдэр хамж дагуулаад

Нуур луу гүйсэн

Тэр үдэш...

Сар шувуудын далавчнаас

Салхинд хэл өгүүлж 

 Гэртээ харьсан

Ногооны чийг сэрүүн хоносон

Намар л явсан шувууд

Зүүн зүгээс ирж

Надаас буцахдаа

Тэр л зүгт дэргэдэг

 Дурлалын минь сүүдрийг нууж

Дэлхийг тойрч өвөлжөөд

Явсан зүгээсээ л дуулж ирсэнд

Яг одоо би ахин дурламаар байна 

 

Сэтгэлийн гэгэлгэн


Сэтгэлийн гэгэлгэн

Дашбалбар найрагчийг зүүдэлж хоносон

Даваа гаригийн шөнө шиг хорвоод

Нямсүрэн найрагчийн цувнаас бороо дуслах шиг

Ням гаригийн үдэш шүлгийн утас цувж суух

Ай...юутай сайхан бэ...

Зэрэгцээ ертөнцөд тэр хоёр минь

Надаас илүү жаргалтай байгааг бодохоор

Зэл гулхан санагдах сэтгэлийн гэгэлгэн

Амьдарч суугаад буцсан

Алаг булагтай энэ орчлонг

Зурж нэг үзээд

Урж тасдаж хаяад

Зул өргөөд уйлж хоцорсон

Удахгүй ирэгсэдийг хүлээж

Чимээгүй хотод

Чимээ нэмж суугаа даа найрагч дээдэс минь...

Шүлэг

 Наргиж дуулмаар улирал
 Наранд цэцгээ өргөчихөөд
 Намрын толгод хажуулсан
 Наргиж дуулмаар улирал
 Өөрийнхөө  гуниг санааширлыг
 Чамдаа хамж өгчихөөд
 Өрөвдүүлж суумаар үдэш
 Хамаг цэнгэлийн шувууд зүүж үзчихээд
 Мартаад аваад явчихсан
 Хайрын үгээ дайж явуулмаар салхи
 Ямар сайхан шөнө вэ...
 Хоосон тунирхлаа
 Чиний хайраар дүүргэж хуурчихаад
 Хоёулаа дуугүйхэн алхмаар
 Голын эрэг
 Тийм ч их сайхангүй
 Хүний амьдралыг тэвчээрээр хучиж  
 Тэрүүхэндээ л битүүхэн шаналмаар хорвоо 

Булган нутгийн намар

 Булган нутгийн намар
 Бугын дууг согоо
 Уул дамнуулан сонсож
 Будан амтлаад сөгдөх
 Хосын заяаг хэсүүлнэм
 Булган зоотой шаргыг аяласхийгээд
 Нохойгоо хориход
 Будар будар салхин
 Чамайг минь дагаж алхана
 Үнэгний зоо шиг шаргал уулс
 Манан дэвж өндийгөөд
 Үймэн зүүмэн сэтгэл минь
 Үлгэр шиг бодолдоо найрсана
 Үзээд өнгөрөх амьдралын
 Тавил учралыг ч яалтай
 Үхэж хэзээ л мөнхрөх бол гэхээс
 Амьд явах гэгэлгэнтэй
 Үүрийн цагаан оддыг захаас нь
 Сөхөж тоолоод
 Үеийн хонгор чамаасаа
 Хайрынх нь үгийг сонсохсон...
 Бүсийг чинь тайлуулж дээлийн чинь
 Энгэрт орохсон
 Бүхлээрээ чинийх болж  
 Чихийг чинь имэрч тоглохсон
 Булган нутгийн намарт
 Дахиж нэг л очихсон
 Буцааж авья гэж
 Сэтгэлээ нэхэж зовоохсон
         2011 .09.29

Шүлэг
  •  
    • Толинд өөрийгөө харж зогслоо
      Зүс царай минь минийх биш болж
      Зүрхийг минь хэдийн эзэгнэжээ чи
      Сэтгэл минь харин надад хэл хүргэж
      Сэмээрхэн шоолох нь инээмсэглэл болнo
      Хайрыг минь өмсөөд алхаж яваа чамайг
      Хамгийн гоё харцтай залуу гэж
      Хэн ч юм бэ.. атаархаж өнгөрөө дөө
Шүлэг

Анд минь намайг дуул гэж гуйлаа
Би дуулахгүй ээ...
Шарласан навчны сүнс
Шаналан ёолохыг чи сонс
Шүүдрээр энгэсэн тавьсан намрын өглөө
Шүлгийн онгодны яриаг сонс...
Би дуулахгүй ээ...

Шүлэг

 Хорин нас...
Дүүрэн жүнз
Гучин нас...
Гудиггүй эрийн өрөө
Дөчин нас...
Эргэлзэн гайхсан харц
Тавин нас...
Эргэж зүтгэсэн хүлэг...

Шүлэг

Тэнгэр нурвал
Тэнгэр нурвал би нурна
Тэмээний оронд ямаа буйлна
Уйлвал дагаж дуулна
Уулсын дунд хов зөөнө

Шүлэг

 Амьдрал гоё өнгөөн дэлгэж
 Надад охин хайрлах үед
 Би хавар болсон
 Хэвлүүхэн  ээж болжээ гэж
 Толгой дохиход
 Би зун болсон
 Амьдрал хатуу тоглоомоо
 Дэлгэж мөрийцөхөд

 Би хааяахан намар болдог
 Бурхан мөнхийн ус
 Олоод ир гэж явуулахад
 Тэрхэн зуур өвөл болно
 Мөрөн дээрээ  мөнхийн ус тээсэн
 Өвгөдтэй уулзаад
 Би дөрвөн улирал болно оо
2011.09.30 Улаанбаатар хот

(Нийт: 54)